УБТЗ-ийн ажилтнууд “Байгууллагын дотоод сургагч багш бэлтгэх” сургалтад хамрагдлаа

10-р сарын 7-9-ны өдрүүд, Улаанбаатар хот— Улаанбаатар төмөр замын (УБТЗ)  ажилчид “Байгууллагын дотоод сургагч багш бэлтгэх”  сургалтад хамрагдаж, өөрсдийн туршлагаа бусдад үр дүнтэй дамжуулах чадвараа дээшлүүлэн дараагийн үе шатлалтай сургалтуудын эхлэлийг тавьлаа. Сургалтыг QCore Mongolia-н дэргэдэх Багш Боловсролын Шинэчлэл ТББ зохион байгуулав.

Төмөр замын салбарт туршлагатай мэргэжилтэн байх нь чухал ч тэр туршлагаа шинэ ажилтнуудад зөв, ойлгомжтой, аюулгүй байдлын шаардлагад нийцүүлэн дамжуулж чаддаг байх нь түүнээс дутахгүй үнэ цэнэтэй. Ажлын байран дээрх сургалт, залуу ажилтны дадлагыг удирдах, мэдлэг солилцох үйл явц нь арга зүйн бэлтгэлтэй хүмүүсийн гарт илүү үр дүнтэй болдог. Тиймээс УБТЗ-ийн ажилтнууд өөрсдийн мэргэжлийн мэдлэгт заах арга зүйн ур чадвараа нэмж, дотоодын сургалтаа чанартай явуулах бэлтгэлээ хангалаа.

Сургалтын хөтөлбөрт насанд хүрэгчдэд заах арга зүй, тохиромжтой арга техник ашиглах, суралцагчдын чадварыг үнэлэх гэх зэрэг олон агуулгыг хамарсан юм. Оролцогчид онолын мэдлэгээс гадна бодит нөхцөл дээр суурилсан дадлага хийж, бие биедээ хичээл заан, санал хүсэлт солилцлоо.

Сургалтад хамрагдагчдын нэг, УБТЗ-ийн ажилтан: /Энэ сургалтаар өөрийн мэдлэг чадвараа бусдад заахын тулд төлөвлөх, ойлгомжтой тайлбарлах аргуудыг сурч, ажил дээрээ шууд хэрэгжүүлэх боломжтой болсон/ гэж ярьлаа.

Тус сургалтыг оролцогчид амжилттай дүүргэж гэрчилгээ хүлээн авлаа.

Байгууллагынхаа ажилтнуудад зориулсан сургалтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг [8020-7887/ qcore.mn]-оос авах боломжтой.

Нийтэлсэн: А.Цэлмэг

2026.10.09

Add a Comment

Your email address will not be published.